Догшин ноён хутагтын абшиг хүртсэн хатан ухаант бүсгүйчүүдээ! Эмэгтэйчүүд бид төрөлх сайхан нутгийнхаа  төлөө, өрх гэрийнхээ тэгш дүүрэн амьдралын төлөө, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө сэтгэл зүтгэл, хамтын ажиллагаагаа чиглүүлж, бие биенээ хайрлан, дэмжин хүндэтгэж, хамтдаа хөгжицгөөе. “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” Замын үүдийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганд оролцогчид бид “Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал”, “Хүний эрх, эрх зүйт ёс”, “Эмэгтэйчүүдийн нийгмийн үүрэг”, “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо”, “Хүчирхийллийн эсрэг бидний оролцоо”, “Эдийн Засгийн бодлого, төөрөгдөл” зэрэг олон асуудлуудаар 2015 оны 4 дүгээр сарын 28 - ны билэгт сайн өдөр хуран чуулж,  орон нутгийнхаа нийт эмэгтэйчүүдэд хандан энэхүү уриалгыг хүргэж байна.        

 

1.              Эмэгтэйчүүд бид гэр бүл үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, шийдвэр гаргахад оролцоогоо нэмэгдлүүлэхийн тулд өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлж, өөрсдөө Чадавхижан  хөгжье.

 

2.              Нийгмийн шударга ёс, сайн сайхны төлөө гэр бүлдээ, хамт олныхоо дунд  эмэгтэй хүн өөрөө манлайлж, өөрчлөлтийг ямагт хялбаршуулан удирдаж,  тэргүүлэн хөгжицгөөе. Үүний тулд:

 

·       сонгуулийн шударга тогтолцоо болон ил тод хариуцлагатай төрийг төлөвшүүлэхийн төлөө,

·       улс төрийг эрүүлжүүлэхийн төлөө,

·       жендерийн тэгш эрхийг хангахын төлөө

·       эмэгтэйчүүдээ шийдвэр гаргах түвшинд түлхүү сонгохын төлөө  

·       орон нутагтаа ажлын байрыг нэмэгдүүлэхийн төлөө,  

·       ажилгүйдэл, ядуурал, архидалт зэрэг бидний амьдралд бодитоор оршин буй хүнд асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө

эмэгтэйчүүд биенээ дэмжие, эе эвээ нэгтгэн хамтран ажиллацгаая.

Эмэгтэйчүүд бидний асуудлыг, бидний хүүүхдийн асуудлыг, нийгмийн хамгаалал, боловсрол эрүүл мэндийн асуудлыг эмэгтэйчүүд бид л илүүтэй шийдвэрлэж чадна. Үүний тулд эрэгтэйчүүдтэйгээ хамтрах, оролцоогоо нэмэгдүүлье

 

3.              Эмэгтэйчүүд бид бизнесээ хөгжүүлэх, үйлдвэрлэн бүтээх замаар өрх бүр, иргэн бүр Хуримтлал бий болгоё. Бий болгосон хуримтлалаа нийгмийн сайн сайхны төлөө, үр хүүхдийнхээ эрдэм боловсролын төлөө, орон нутгийнхаа хөгжлийн төлөө зориулцгаая.     

 

4.              Байгаль орчноо хамгаалах, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахын төлөөх даян дэлхийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөнд нэгдэж, орон нутагтаа эмэгтэйчүүдийн бодит санаачилга өрнүүлж, Замын үүдийн өрх бүр 3-аас доошгүй мод тарих, Замын үүд сумаа Эко сум болгох хөдөлгөөн өрнүүлье.

 

5.              Хэзээ ч буцааж болдоггүй, хуримтлуулж болдоггүй, хэн нэгэнд зээлүлж, зээлж болдоггүй “Цаг” гэдэг алтан эрдэнийн ач холбогдлыг нийгэмдээ, хамт олондоо, гэр бүлдээ таниулж, Цагийн менежментийг Замын – үүдийн  имиж болгое.

 

 

Эх сайхан Монгол орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө, энхрий бяцхан үрсийнхээ төлөө, сайхан амьдралаас сайхан амьдралд шилжихийн төлөө Дэлхийн хэмжээнд сэтгэж, нутгийн хэмжээнд хэрэгжүүлье.

 

ЛИБЕРАЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОЮУНЫ САН, ЗАМЫН – ҮҮД СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНХДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧИД

 ЗАМЫН ҮҮД

2015 оны 4 сарын 28